Америк, Их Британи, Хятад, Орос, Өмнөд Солонгосын 20 гаруй сэтгүүлчид Хойд Солонгосын туршилтын талбайг буулгах явцыг ажиглахаар очжээ. Газар дээр нь ажиллаж буй CNN-ий сэтгүүлч Уилл Рипли “Хойд Солонгос Пүрэв гарагт гурван цөмийн туршилтын тунель, ажиглалтын барилга, төмөрлөгийн үйлдвэр болон амьдрах байрыг устгасан” гэж мэдээлжээ.

CNN-ий сэтгүүлч Уилл Рипли

Хойд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд цөмийн зэвсэг нь хангалттай хөгжсөн тул дахин туршилт хийх шаардлагагүй гэж үзэн туршилтын талбайгаа нураахаар болж, олон улсын сэтгүүлчдийг урьсан юм. 

Гэвч туршилтын талбайг дэлбэлэх үйл явцад олон улсын зэвсэг шалгагч, цөмийн зэвсгийн шинжээчид байгаагүй аж. Дэлбэрэлтийн дараа сэтгүүлчдийг тунель рүү оруулж шалгуулсан ба орох ам нь нурангинд дарагдаж, хонгил дотогш нурсан байжээ.

Тиймээс тунелиүдийг дахин ашиглах боломжгүй болсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Дэлбэрэлтийн эхэн болон дараагаар нэрээ хэлэхээс татгалзсан Хойд Солонгосын цөмийн судалгааны институтийн орлогч дарга сэтгүүлчдэд тайлбар хийжээ.

Тэрээр хэр хэмжээний ямар тэслэх бодисоор тунелиүдийг дэлбэлснээ хэлээгүй ба CNN-ийн сэтгүүлчийн ажигласнаар хөлбөмбөгийн хэлбэр хэмжээтэй залгаа тэслэх бодисуудыг хонгил руу ойролцоогоор 35м гүн эгнүүлсэн байжээ.

Үүнээс гадна Хойд Солонгосын албаныхан маш бага мэдээлэл өгсөн бөгөөд тунелиүд ойролцоох уул руу хэр гүн орсныг хэлэхээс татгалзсан байна. Дэлбэрэлтийн дараа Хойд Солонгосын цөмийн судалгааны институтийн орлогч дарга “туршилтын талбайг өндөр түвшний ил тод байдалтай буулгасан нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг энх тайванг эрхэмлэдэг болохыг дахин баталлаа” гэжээ.

Хойд Солонгос өмнө нь зургаан удаа цөмийн туршилт хийсэн ба хамгийн сүүлийнх нь өнгөрсөн оны есдүгээр сард байсан юм. Туршилтын талбайг дэлбэлэхээс өмнө шинжээчид Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрийнхөө талаар чухал нотлох баримтуудыг устгаж байж болзошгүй гэж анхааруулсан юм.  

Иймд сэтгүүлчдийг талбайгаас дээж авч, агаар мандлын цацрaгийн хэмжээг мэдэж өгөхийг хүссэн боловч Хойдын албаныхан цацраг хэмжигч төхөөрөмжүүдийг нь хураан авсан байна.

Өмнөд Солонгосын далайн стратегийн институтийн судлаач Чан Хүн Шин хэлэхдээ, “Хойд Солонгос сэтгүүлчдийн хамт шинжээч, судлаачдыг урьсан бол жинхэнэ ил тод байдлаа олон улсад нотлон харуулах байлаа” гэжээ.

Кларкийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор, Хойд Солонгос судлаач Сринивасан Ситараман хэлэхдээ, “Хойд Солонгос цөмийн нөөцөө үгүй хийх нь цөмийн зэвсгээс татгалзаж, дахин туршилт хийхгүй гэсэн үг биш” гэсэн юм.

Туршилтын талбайг дэлбэлэх явцыг сэтгүүлчид есөн цагийн турш ойроос ажигласан байна. Тэднийг Пүнге Ри-ээс Воньсань буюу сэтгүүлчдийг байрлуулж буй хот руу буцах замд Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгостой хийх дээд хэмжээний уулзалтыг цуцалсан мэдээлэл гарчээ.

Тухайн үед сэтгүүлчидтэй хамт явж байсан Хойд Солонгосын албаныхан тодорхой зүйл хэлээгүй ч тэр даруй утсаар ярьж эхэлсэн нь маш эвгүй уур амьсгалыг төрүүлсэн гэж CNN-ийн сэтгүүлч мэдээлжээ.

Эх сурвалж: CNN