Зураг: sputniknews.com

Хоёр өдрийн айлчлалын үр дүнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөдийн эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн байдал хурцадсан үед ч Өмнөд аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж болно гэснийг Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн ахлах Чүн Эйү Юон мэдэгджээ.

Цаашлаад, Америк-Хойд Солонгосын харилцааг хэвийн болгох, цөмийн туршилтаа зогсоох талаар Америктай хэлэлцээр хийж, пуужин болон цөмийн хөтөлбөрөө түр зогсооход бэлэн байна гэжээ.

Үүнээс гадна Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Өмнөдийн ерөнхийлөгч Мүүн Жаэ Ин нар ирэх сарын сүүлээр дээд хэмжээний уулзалт хийхээр тогтсон байна. Тэд хоёр Солонгосын хоорондох цэрэггүй бүс болох ПанмунЖом тосгонд уулзахаар болжээ.

Энэ нь гурав дахь дээд хэмжээний уулзалт ба өмнө нь 2000, 2007 онуудад Өмнөдийн ерөнхийлөгч Ким Даэ Жун, Ро Мүү Хюүн нар Хойд Солонгосын удирдагчтай хэлэлцээр хийж байсан аж.

Түүнчлэн удирдагчдын хооронд телефон сүлжээ нээхээр тохирсон байна. Ингэснээр цэргийн хүчийг бууруулах, дээд хэмжээний уулзалтын өмнө хоорондоо зөвлөлдөх зэрэг боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна гэж Өмнөдийн ерөнхийлөгчийн алба мэдэгдлээ.

Эх сурвалж: kbs.co.kr