Хойд Солонгос, Японы хооронд маргаан гарвал Өмнөд Солонгосчуудын ихэнх нь Хойдуудын талд орно гэдгийг судалгаагаар тогтоожээ. 

Судалгаанд 1000 хүн оролцсоны 45.5 хувь нь Хойд Солонгосыг дэмжинэ гэсэн ба энэ нь хоёр Солонгосын харилцаа сайжирч байгаатай холбоотой гэнэ. Харин 15.1 хувь нь Японыг дэмжинэ гэсэн бол 39.4 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Өмнөд Солонгосын иргэдийн хувьд Хойдууд сүргийн бүтэлгүй хар хоньтой ижил учир хоёр орон таагүй харьцаатай ч нэгнийгээ өөр улсад дээрэлхүүлэхийг хүсэхгүй байгаа гэж судлаачид хэлсэн байна. Учир нь Өмнөд Солонгос, Японы талын жижиг арлуудын эзэмшлийн маргаанд Хойд Солонгос Өмнөдийг дэмждэг юм. 

Хоёр Солонгос 20-р зууны эхэн үед Японы дарангуйлалд байсан ба дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр хоёр хуваагдсан юм. 

Улмаар хоёр Солонгос гурван жилийн турш дайтсан ба одоог хүртэл дайныг албан ёсоор дуусгаагүй байна. Гэсэн ч Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн 71 гишүүн Мягмар гарагт дайныг албан ёсоор дуусгах талаар хэлэлцсэн юм. 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар одоогоор гурван удаагийн дээд хэмжээний уулзалт хийсэн байна. Мөн Ким Жон Ун Америк, Хятад, Оросын удирдагчидтай уулзсанаар олон улс дахь нэр хүнд нь өссөн юм. 

Эх сурвалж: RT