Хойд Солонгосчууд өнөөдөр Ардын дээд ассамблей буюу парламентын гишүүдээ сонгож байна. Энэ нь Ким Жон Уныг тус улсын удирдагч болсноос хойших хоёр дахь сонгууль гэнэ.

Уг сонгуулийн санал хураалтын цаасан дээр ганцхан нэр дэвшигчдийн нэр байдаг аж. Учир нь нэр дэвшигчийг Ким Жон Уны тэргүүлдэг Хөдөлмөрийн намаас сонгодог бөгөөд сонгуулийн зорилго нь ард иргэд удирдагчдаа үнэнч байдлаа харуулахад оршдог байна.

Сонгууль хэрхэн явагддаг вэ?

Сонгуульд 17-оос дээш насны бүх иргэд оролцох ёстой бөгөөд саналын хуудсыг ил болон нууц хэлбэрээр бөглөж болдог гэнэ. Гэхдээ нууц хэлбэрээр өгөх нь сэжиг төрүүлдэг байна. Мөн иргэд нэр дэвшигчдийн нэрийг дугуйлахаас татгалзах эрхтэй боловч ингэснээр цагдаа нарын хараанд ордог гэнэ.

Санал хураах байрнаас гарч ирээд эх орныхоо ухаалаг удирдлагад санал өгсөн баярт мөчөө бусадтайгаа хуваалцдаг байна.

Учир нь иргэн бүр зайлшгүй сонгууль өгөх ёстой бөгөөд үүгээрээ хүн амын тоог хянаж Хятад руу зугтсан байж болзошгүй иргэдийг илрүүлдэг аж.

Парламент ямар үүрэгтэй вэ?

Хойд Солонгосын парламент нь 687 гишүүнтэй, тус улсын хууль тогтоох цорын ганц байгууллага бөгөөд таван жилд нэг удаа сонгууль хийдэг. Гэвч энэ нь Хөдөлмөрийн намаас гаргасан хуулийг батлахаас өөр ямар ч үүрэггүй юм.

Мөн тус улсын парламент онцгой баяр ёслолын өдрүүдээр л хуралддаг бөгөөд тэдний ажлыг жижиг байгууллага хийдэг байна.

Хойд Солонгост өөр нам бий юу?

Хойд Солонгос улсыг Хөдөлмөрийн намын удирддаг хэдий ч парламентад Нийгмийн ардчилсан болон Чондойст Чонду гэх хоёр нам байдаг гэнэ. Гэвч эдгээр намууд хоорондоо ямар ч ялгаагүй бөгөөд бүгд Ким Жон Уны үйл ажиллагааг дэмждэг байна.

Сонгуулийн хариу хэрхэн гардаг вэ?

Нэр дэвшигчид ихэнхдээ 100 хувийн саналаар сонгогддог ч заримдаа хэдэн хувиар бага санал авах тохиолдол байдаг гэнэ. Тухайлбал, 2014 онд 99.97 хувийн санал авчээ. Учир нь сонгуулийн өдөр нэг ч хүн өвдөж үхдэггүй гэсэн шог яриа байдаг ч зарим сонгогчид өвчний улмаас сонгуульд оролцохгүй байх тохиолдол байдаг гэнэ.

Эх сурвалж: BBC