Олон улсын хүний эрхийн байгууллагын судалгаагаар Хойд Солонгост эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нь цэрэг, цагдаа нарын амьдралын хэв маяг болсон гэдгийг тогтоожээ.

Энэ талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал Кеннет Рот, “Хойд Солонгост эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн явдлыг ихээхэн нууцалдаг. Хэрэв тэнд шударга ёс гэж байсан бол тэдгээр эмэгтэйчүүд MeToo хөдөлгөөнд нэгдэх байсан. Гэвч Ким Жон Уны дарангуйлал тэдэнд ийм болж олгодоггүй” гэв.  

Судалгаанд Хойд Солонгосоос дүрвэсэн 62 эмэгтэй оролцсоны нэг нь л  хүчирхийлэлд өртсөнийхөө дараа цагдаад мэдэгдсэн байна.

Тус улсаас 2014 онд дүрвэсэн, 40 настай нэгэн худалдаачин эмэгтэй ярихдаа, “Цагдаа, захын харгалзагчид намайг гадаах хоосон өрөө эсвэл аль нэг газар луу дагуулж явдаг байсан. Тэд эмэгтэйчүүдийг секс тоглоом гэж үздэг учир бэлгийн хүчирхийлэл хэвийн үзэгдэл болсон” гэжээ.

Мөн тус улсад ажиллаж байсан эмч нарын хэлснээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх тогтолцоо огт байхгүй гэнэ.

Хойд Солонгост цагдаагийн алба хашиж байсан Хо Жон Хэ гэх эмэгтэйн хэлснээр 10 эмэгтэй тутмын ес нь хүчирхийлэлд өртдөг бөгөөд зарим нь үүнээс зугтахын тулд цэргийн албанд ордог байна.

Гэвч тус улсын хөдөлмөрчдийн намд элсэхийн тулд удирдах албан тушаалтны хүсэлтээр бэлгийн зан үйл хийх шаардлага гардаг ба эмэгтэй цагдаа нар ч байнгын бэлгийн дарамтад байдаг гэнэ.

Мөн цагдаа нар бэлгийн хүчирхийллийн хэргийг огт тоодоггүй бөгөөд хэргийг шалгах гэж оролдвол дарга нь болиулдаг байна.

Үүнээс гадна армид нэг, хоёр эмэгтэйг хүчирхийлсэн бол хариуцлага тооцдоггүй бөгөөд тухайн хүчирхийлэгч өндөр албан тушаалтай бол 30 хүн байсан ч шийтгэл хүлээдэггүй гэдгийг Хойд Солонгосын армид алба хааж байсан И Со Ён хэлсэн юм.

Хойд Солонгосын хуульд зааснаар хүчин, хүний наймаа, доод албан тушаалын хүнтэйгээ бэлгийн харилцаа тогтоохыг хориглодог байна. Тус улсын Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард НҮБ-д мэдэгдсэнээр хүчингийн хэмт хэрэг 2008 онд ес, 2011 онд долоо, 2015 онд таван удаа бүртгэгдсэн гэжээ.

Эх сурвалж: CNN, BBC