Энэ удаагийн ПёнЧаны өвлийн Олимпт Хойд Солонгосоос ирсэн хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүд бэлгийн мөлжлөгт байнга өртдөг төдийгүй улсынхаа томоохон албан тушаал бүхий улс төрчдийн зугааг өдөр бүр гаргадаг гэж Хойд Солонгосын дүрвэгсэд Блүүмбергт ярьсан байна.

“Хойд Солонгосын урлагийн баг Өмнөд Солонгост ирээд дуулж бүжиж үзэгчдийг хөгжөөсөн. Гаднаа инээгээд л баясгалантай сайхан харагдсан байх. Гэвч тэд Ким Жон Уны ухуулгын ажил хийх хэрэгтэйгээс гадна түүний хүрээллийнхний үдэшлэгт очин тэднийг цэнгээж, бэлгийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болдог” гэж  2008 онд Өмнөд Солонгос руу дүрвэсэн Хойд Солонгосын цэргийн хөгжимчин Лий Со Ёон ярьжээ.

 

Түүний хэлснээр тийм төрлийн үдэшлэг улсын төв товчоонд “өдөр бүр” болдог төдийгүй биеэрээ үйлчлэх хэрэгтэй болдог. Урлагийн багийн эмэгтэйчүүдийг эд материал шиг нүцгэлдэг гэж тэрээр хэлсэн байна. Лий Со Ёон Хойд Солонгосын армид байсан үеийнхээ талаар ном бичсэн ба одоо Хойд Солонгосын эсрэг кампанит ажил явуулдаг юм байна.

Мөн 2009 онд хүүгийн хамт Өмнөд Солонгос руу дүрвэсэн 54 настай Ким Хёон Сүү Хойд Солонгос дахь спортын салбарын талаар ярьжээ. Түүний хүү Хойд Солонгосын үндэсний лигийн цаначин байж. Тэрээр дасгалжуулагчид, тамирчид болон хөгжөөн дэмжигчид нь Ким Жон Уны боолууд бөгөөд ихэвчлэн дүрвэхээргүй үнэнч хүмүүсийг шилж авдаг гэж ярив. Харин бэлгийн хүчирхийллийн талаар Ким Хёон Сүү дурдаагүй байна.

Цаашлаад, Олон улсын Хойд Солонгос судлалын институтийн захирал, судлаач Ан Чан Ил хөгжөөн дэмжигчдийг улсаас хатуу шалгуурын дор сонгон авдаг гэжээ. Тэд 163 см-ээс илүү өндөртэй, сайн гэр бүлээс гаралтай байх шаардлагатай байдаг бол хөгжимчид нь ихэвчлэн Ким Ил Сүн-ий элит сургуулийн оюутнууд байдаг гэжээ.

“Тамирчдыг Хойд Солонгос руу буцаж ирэхэд нь хотынхоо хамгийн тансаг барилга байгууламжаар дагуулж явдаг. Тэд өмнө нь олигтой хоол хүнс, орон байранд байж үзээгүй учраас тэр л дээ. Тэгэхээр дээд удирдлагын хүмүүс тамирчдад тансаг зүйлс үзүүлж Өмнөдөд харсан зүйлс нь тийм ч сайхан биш юм гэсэн сэтгэлгээг суулгахын оролддог аж. Үүний дараа ‘ёс суртахууны боловсрол’ нэрээр нэгээс гурван сарын турш улс төрийн сургалтад суулгадаг” гэж Өмнөд Солонгосын тагнуул, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн асан Ким Жун Бон тайлбарлажээ.

Эх сурвалж: bloomberg.com