Америкийн сангийн департамент хүний эрхийг зөрчсөн гэх Хойд Солонгосын гурван албан тушаалтанд хориг тогтоолоо. Эдгээр нь удирдагч Ким Жон Уны ойрын холбоотон Рён Хэ Чо, Улсын аюулгүй байдлын яамны сайд Кён Тэк Жон, Үзэл суртлын департментийн дарга Кван Хо Пак нар гэнэ.

Хойд Солонгосын засгийн газар иргэдийнхээ эрхийг зөрчсөн, өнгөрсөн онд Хойд Солонгосын шоронд хоригдож байгаад нас барсан Америкийн оюутан Отто Уормбиерт хүнлэг бусаар хандсан гэж Америкийн тал үзжээ.

Ингэснээр хоригт багтсан иргэд Америктай аль ч төрлийн харилцаа холбоо, худалдаа наймаа хийх боломжгүй болж байна.

Трампын засгийн газрыг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх ажилд гол анхаарлаа хандуулж Хойд Солонгосын ард иргэдийн эрх ихээхэн зөрчигдөж байгааг үл тоож байна гэж НҮБ үздэг юм. Учир нь Америк Хойд Солонгосын хүний эрхийн асуудлаар хэлэлцэх НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хуралд оролцохоос татгалзсан байна.

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай анхны дээд хэмжээний уулзалтаа хийсэн юм. Гэвч үүгээр дорвитой шийдвэрт хүрээгүй тул ирэх оны эхээр дахин уулзахаар төлөвлөөд байна.

Мөн өнгөрсөн сард хиймэл дагуулаас илгээсэн зургаас Хойд Солонгос цөмийн туршилтын хэд хэдэн нууц баазтай нь илэрсэн боловч Трамп Ким Жон Унд итгэж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: CNN, Voice of America