НҮБ-ын экспортын хоригийг зөрчин нүүрс тээвэрлэдэг Хойд Солонгосын усан онгоцыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Индонезод саатуулсан юм. Улмаар Америкийн хууль зүйн департамент зургадугаар сард уг онгоцыг хурааж авах шийдвэр гаргасан байна. Онгоц одоогоор Өмнөд номхон далайн Америкийн Самоа арал дээр байгаа ба удахгүй Америкт авчрах юм.

Энэ нь Америк олон улсын хоригийг зөрчсөн Хойд Солонгосын усан онгоцыг хураан авч буй анхны тохиолдол бөгөөд Хойд Солонгосын сүүлийн хоёр долоо хоногт хийсэн пуужингийн туршилтуудтай холбоогүй гэж албаныхан мэдэгдлээ.

НҮБ 2017 онд Хойд Солонгосын нүүрсний экспортод бүрэн хэмжээний хориг тавьсан юм. Харин Хойд Солонгосын тал уг онгоцоор хууль бус тээвэрлэлт хийхдээ байршил тогтоох автомат системээ унтраадаг байжээ. Хойд Солонгосын армийн мэдлийн худалдааны фирмийн уг онгоц нь 17 мянган тонн жинтэй бөгөөд тус улсын хамгийн том усан онгоцны нэг юм.

Эх сурвалж:NHK, BBC