Улаанбаатар хот дахь гаалийн газар энэ сарын 11-нд иргэн Н-ийн нэр дээр Хойд Солонгосоос төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3200 ампул Kumdang гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох шалгалтыг хийж байгаа ба эм, эмнэлгийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохын тулд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох бичиг баримтыг бүрдүүлсний дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулдаг юм.

Мөн иргэдийг хувь хүний гар дээрээс болон фэйсбүүкээс хаанаас, хэрхэн оруулж ирсэн нь тодорхойгүй эм, тариа худалдан авахгүй байхыг санууллаа.