Хойд Солонгосын Пёньян хотноо Монголын үлэг гүрвэлийн олдвороор тусгай үзэсгэлэн гаргахаар боллоо. Үзэсгэлэнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. Гэхдээ одоогоор үзэсгэлэнг гаргах хугацаа тодорхойгүй байна. 

Тус үзэсгэлэнд 16 багц олдворыг толилуулах ба үүний нэг нь Завролоф үлэг гүрвэлийн хэлхээ яс юм. Энэ нь түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон ба Ноцолдож байгаа хоёр үлэг гүрвэл, Эвэрт үлэг гүрвэлийн үүрэндээ байгаа 15 зулзага олдворын хуулбар болон бусад эх олдворыг дэлгэн үзүүлнэ.

Сонирхуулбал, Төв Азийн гуравдугаар экспедиц 1922 онд Монголд ирж Баянхонгор аймгийн нутаг Бөөцагаан нуур, Өөшийн нуруу, Луугийн худаг, Арц богд Баянзаг зэрэг газар малтлага хийж хирс маягийн аварга үлэг гүрвэл (Baluchitheriym), тоть хошуут үлэг гүрвэл (Psittacosaur protiguanoddon) зэргийг олжээ.  Мөн шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийг ч анх эндээс олсон байна. 

Харин Ноцолдож буй үлэг гүрвэл нэртэй олдворыг 1960-1970 онд Польш-Монголын хамтарсан судалгааны баг олсон юм. Энэ нь нас бие гүйцсэн өвсөн тэжээлт Протосератоп, махан идэшт Вилосираптортой зууралдаатай үхсэн байдлаар олджээ. Үүнээс гадна 1995 онд Монгол-Японы хамтарсан экспедиц Протосератоп үлэг гүрвэлийн бөөнөөр үхсэн зулзага бүхий олдворыг нээсэн юм.