Хуйвалдаан, мөнгө угаасан гэх хэргээр Холбооны мөрдөх товчоо Оросын дөрвөн иргэнийг саатуулсан гэж Даваа гарагт Нью Йорк дахь Оросын ерөнхий консулын газар мэдэгджээ. Дөрвөн иргэнийг энэ сарын нэгнээс гуравны хооронд Америкийн хэд хэдэн байршлаас баривчилсан байна.

Тэдний нэгийг Бостон хотод саатуулж, Нью Йорк руу шилжүүлсэн бол хоёр нь Лос Анжелест байгаа гэнэ. Харин үлдсэн нэгийнх нь байршил одоогоор тодорхойгүй байна.

Оросын ерөнхий консулын газар нөхцөл байдлыг ажиглаж байгаа ба Холбооны мөрдөх товчоо иргэдийг ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэдгээс өөр тайлбар өгөөгүй байна.

Саатуулагдсан иргэдийн нэгийг Мария Бутина гэдэг бөгөөд Вашингтон ДС хотод тагнуул хийж байгаад баригдсан гэх мэдээлэл гарчээ. Түүнийг Оросын парламентын гишүүн байсан албаны хүний зааврын дагуу ажиллаж байсан гэж 112 гэх Украины телевиз мэдээлсэн байна.

Сонирхуулахад, Америкийн төрийн албанд Оросын тагнуулч эмэгтэй 10 гаруй жил ажиллаж, улсдаа мэдээлэл дамжуулдаг байсан нь илэрч өнгөрсөн жил ажлаасаа халагджээ. Гэвч тэрээр Америкийн дотоод асуудал хариуцсан ажил хийдэггүй байсан учир үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөгүй гэнэ.  

Эх сурвалж: RT, Tass, 112