Америкийн холбооны нисэхийн удирдах газар Боинг компаний 737 MAX 8 онгоцны системийн шинэчлэлд асуудал гарахгүй ба нисгэгчдийг загварчилсан сургуулилт хийлгэх шаардлагагүй гэж мэдэгдлээ.

Үүний оронд нисгэгч, инженерүүд болон бусад мэргэжлийнхэн шинэчилсэн системийн үйл ажиллагаа, алдаа гаргасан тохиолдолд авах арга хэмжээ, анхааруулах дохио өгөх зэргийг бодит сургуулилтын үеэр сурах боломжтой гэнэ. Боинг 737 MAX 8 онгоцны системийг хамгийн багадаа гурван сарын дараа шинэчилж дуусах юм байна.

Өнгөрсөн 10 сард Индонез, гуравдугаар сард Этопид гарсан 737 MAX 8 онгоцны ослын улмаас дэлхий даяар тус загварын 300 гаруй онгоцод нислэгийн хориг тавьсан юм.

Улмаар Боинг компани ослын шалтгаан онгоцны хурд тогтворжуулах MCAS системд байсныг хүлээн зөвшөөрч уг программыг шинэчилнэ гэдгээ мэдэгджээ.

Гэвч Боингийн зүгээс нисгэгч, нислэгийн компаниудад MCAS системийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Боинг компани гол өрсөлдөгч болох Эйрбус компаний A320neo загварын онгоцтой өрсөлдөхгүйц 737 MAX 8 онгоцыг 2017 онд бүтээж дэлхий даяар 376 ширхэгийг худалдаалсан юм.

Гэвч Холбооны нисэхийн удирдах газар 737 MAX 8-ын аюулгүй байдлын үзлэгийг зохих ёсоор нь хийгээгүй бөгөөд түргэн хугацаанд гэрчилгээ олгохыг яарч байсан талаар удирдах газрын хуучин инженер Сиатл таймс сонинд ярьжээ. Иймд осол гарсанд Холбооны нисэхийн удирдах газар ч буруутай байх магадлалтай гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters, New yorker