Цагаан сарын идээ шүүсэнд ууц тавих ёс бий. Энэ нь нэг талаасаа мал аж ахуй болоод хувь хүртээх ёстой холбоотой бол нөгөө талаасаа нас намба, зэрэг зиндааг илтгэдэг. Энэ утгаараа хонины бүхэл ууцыг төрийн өндөрлөгүүд, дунд ууцыг 70-аас дээш насныхан тавих уламжлал байдаг.

Цагаан сарын шинийн гурванаас эхлэн Монголчууд сар хуучирсан гэж үзэн тавгийн идээ, шүүсээ багасгаж, үр, хүүхэд, төрөл садандаа хувь хүртээдэг. Гэвч бэлгэдэл талаас нь тавьсан зарим залуу өрх идээ шүүснийхээ ууцыг удаан хугацаанд өөрсдөө хэрэглэх шаардлагатай болдог.

Зарим айлууд ууцаа олон дахин хөлдөөж, гэсгээх, олон хоног гэртээ байлгах зэргээр муутгах тохиолдол гардаг байна. Тэгвэл хонины ууц өөх ихтэй учир халуун гэрт олон хоног болох, нарны тусгалд удаан байх зэргээс хамааран хүчил төрөгчтэй урвалд орж исэлддэг гэнэ. Мөн олон дахин хөлдөөж гэсгээснээр урь идүүлэх, исэлдэх, хатах зэрэг процесс явагдсанаар хоол биш хор болдог байна.

Энэ талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн багш Б.Майзул хэлэхдээ, “ууц нь харьцангүй том хэмжээтэй болохоор исэлдэх процесс илүү удаан явагддаг. Шөнө нь гаргаж хөлдөөгөөд, өдөр гэртээ оруулах маягаар 3-4 хоног хэрэглэхэд муудахгүй. Дээд тал нь долоо хоног хэрэглэх хэрэгтэй. Үүнээс хэтэрвэл исэлдэлт явагдаж, муудах эрсдэлтэй” гэсэн юм.

Түүнчлэн сар шинийн өдрүүдэд ууцыг халуун гэрт хонуулж болохгүй бөгөөд дулаан нэвтрүүлдэггүй, хөөсөнцөр саванд хийж салхи, нар тусахааргүй сайн боож тагтан дээр тавих юм уу, багтаж байвал хөргөгчдөө хийх хэрэгтэй байна.

Ингэснээр шинийн таван хүртэл ууц болон өвчүү чанараа алдахгүй байх боломжтой бөгөөд үүнээс хойш жижиглэн хөлдөөх шаардлагатай. Хөлдөөж хадгалсан махыг зургаа болон түүнээс нэг ихгүй хугацаанд хадгалж хэрэглэхэд асуудалгүй гэнэ.