Улаанбаатарын гүний гаалийн бүсийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид он гарсаар 63 зөрчил илрүүлж, холбогдох хуулийн дагуу 44 ААН, 19 иргэнд шийтгэлийн арга хэмжээ авчээ.

Тус газраас импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд тогтмол шалгалт хийж, дээж аван шинжлүүлэхэд зарим бүтээгдэхүүнээс хөгц, мөөгөнцөр илэрсэн, тогтоосон стандарт хангаагүй, тээвэрлэлтийн горим зөрчсөн зэрэг зөрчлүүд илрүүлсэн байна.

Тухайлбал, Материал импекс дэх гүний гаалийн хяналтын бүсээр Некст женерэйшн хеалт ХХК-ийн импортолсон Аменорм нэрийн 50400 ширхэг, 62.7 кг биологийн идэвхт бүтээгдэхүүнээс хөгц мөөгөнцөр, бактерийн тоо хэвийн хэмжээнээс их гарчээ.

Мөн Туушин дахь гүний гаалийн хяналтын бүсээр Алтан торх рус ХХК-ийн импортолсон Реддс, Эсса нэрийн 72.880 шар айраг хөлдсөн, стандарт ханаагүй, АБТЕМА дахь гүний гаалиар Юу И Ди ХХК Америкаас импортолсон 9.2 тн хатаасан жимс, цагаан будааны импортын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Түүнчлэн Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр иргэн О, М нар тусгай зөвшөөрөлгүйгээр Солонгосоос 39 ширхэг тарилгын уусмал, нүдний линз импортолсон, тус бүсээр Энто ХХК Уранитин нэрийн 3.7 тн, 202.185 ш, 10 мл-ийн савлагаатай хөлдсөн уусмал эм импортлохыг завдсан зэрэг зөрчил илрүүлсэн байна.

Дээрх зөрчил илэрсэн бараа бүтээгдэхүүнүүдийг хураан авч, устгалд оруулсан бөгөөд хууль зөрчин бараа бүтээгдэхүүн импортолсон ААН, иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэжээ.

Импортын бараа бүтээгдэхүүнд хугацаа нь дууссан, орц найрлага нь бүртгэлгүй байх зэрэг түгээмэл зөрчлүүд илэрдэг байна. Тухайлбал, органик гэх тодотголтой импортын бараа бүтээгдэхүүний 35.7 хувь нь хүнсний мэдээллийн санд бүртгэлгүй байгааг МХЕГ-аас тогтоосон юм.