Холерийн халдвар гэдэг нь суулгалт үүсгэж шингэний дутагдалд оруулан улмаар үхэлд хүргэх аюултай халдварт өвчин юм. Энэ нь Вибрио коларе гэх нянг агуулсан хоол, ус хэрэглэснээр хүний биед халддаг байна. ДЭМБ-ын мэдээлснээр жилд холерийн халдварын 1.3-4 сая тохиолдол илэрдэг юм. 

Холерийн халдвар нь ариун цэврийн шаардлага хангаагүй, хүн ам ихтэй, дайн, өлсгөлөнд нэрвэгдсэн Африк, Өмнөд Ази, Латин Америкийн орнуудад түгээмэл гардаг байна. 

Шалтгаан 

Вибрио коларе нян нь халдвартай хүний ялгадасаас хоол, усанд дамждаг юм. Нян нь ихэвчлэн нийтийн усан хангамж, нийтийн усаар хийсэн мөс, гудамжинд зардаг хоол, хүний ялгадастай усаар усалсан хүнсний ногоо, бохир уснаас барьсан түүхий загас, далайн бүтээгдэхүүнээс илэрдэг байна. 

Шинж тэмдэг 

Холерийн халдварын шинж тэмдэг нян халдснаас хэдэн цагийн дараа эсвэл тав хүртэлх өдрийн дараа илэрдэг байна. Уг халдварыг туссан 20 хүн тутмын нэг нь их хэмжээгээр суулгаж, бөөлждөг ба энэ нь шингэний дутагдалд хүргэдэг юм. Үүнээс гадна зүрхний цохилт түргэсэх, арьсны уян хатан байдал алдагдах, ам, хоолой, хамар, зовхи хуурайших, даралт буурах, ам зангах, булчин өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Гэхдээ холер туссан ихэнх хүмүүст бага зэрэг эсвэл огт шинж тэмдэг илэрдэггүй хэдий ч нян тээгч болдог аж. 

Урьдчилан сэргийлэх 

Холерийн халдварын эсрэг вакцин байдаг. Мөн ахуйн хэрэглээндээ буцалсан, цэвэршүүлсэн болон савласан ус хэрэглэх хэрэгтэй. Хальстай хүнсний ногоо, түүхий сүү, мах зэргийг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай байна. 

Эх сурвалж: WebMD