Хонг Конгийн жагсагчид Засгийн газрын эсрэг тэмцлээ Ням гарагт 14 дэх долоо хоногтоо үргэлжлүүлж Америкийн ерөнхийлөгч Доналд Трампаас тусламж гуйлаа. Энэ үеэр олон арван мянган иргэд Америкийн тугийг барьж Хонг Конг дахь Америкийн консулын газрын өмнө жагссан байна. 

Тэд консулын газарт өгсөн захидалдаа Хонг Конгийн хүний эрх, ардчиллын тогтоолыг батлахыг хүсчээ. Америкийн консулын газар уг тогтоолыг батлавал Хонг Конгийн тусгаар тогтнолын асуудалд Хонг Конгийн засгийн газар болон Хятадад шахалт очих юм. 

Жагсагчид “Ерөнхийлөгч Трамп, Хонг Конгийг чөлөөлөөч” гэх лоозон барьсан ба зарим нь Америкийн төрийн дууллыг дуулж байжээ. Жагсаал тайван замаар эхэлсэн ч үдээс хойш Төв метроны буудал дээр үймээн самуун үүсэж, жагсагчид гарцны хэсэгт гал тавьж цонхнуудыг нь хагалсан байна. 

Хятадын засгийн газар Америкийг тус жагсаалд хөндлөнгөөр оролцож байгаа гэж үздэг юм. Гэвч ерөнхийлөгч Трамп Хонг Конгийн жагсаалд оролцох сонирхолгүй байгаа ба өнгөрсөн сард тус жагсаал сайнаар шийдэгдээсэй гэж хүсэж байгаагаа мэдэгджээ. 

Гэхдээ Хонг Конг нь Америкийн худалдааны хамгийн найдвартай түншийн статустай байдаг учир Америкийн зарим улс төрчид жагсагчдад туслахыг Засгийн газраасаа шаардаж байгаа юм. 

Уг статус нь импортын бүтээгдэхүүнд бага хэмжээний татвар олгох зэрэг худалдааны ашигтай нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Эх сурвалж: CNN, CNA