Засгийн газрын эсрэг жагсаалаас болж Хонг Конгийн ирээдүй бүрхэг байгаа энэ үед хөрөнгө чинээтэй иргэд нь гадны орноос оршин суух виз хүсэх болжээ. 

Ихэнх оронд үл хөдлөх хөрөнгө, Засгийн газрын бонд худалдаж авсан, хандив өргөсөн гадаадын иргэдэд оршин суух, иргэншил олгох зөвшөөрөл бүхий виз олгодог юм. Тухайлбал, Антигуа Барбуда улсад 100 мянган доллараас дээш хандив өргөх, Кипрус улсад 2.2 сая долларын үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан тохиолдолд оршин суух виз олгодог байна. 

Хонг Конгийн цагаачлалын агентлагуудын мэдээлснээр жагсаал эхэлснээс хойш ийм төрлийн оршин суух виз авах хүсэлтэй иргэдийн тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. Тэдний ихэнх нь Ирланд, Португаль, Малта зэрэг Европын орныг зорих хүсэлт гаргажээ. 

Тухайлбал, Ирландын ААН-д хамгийн багадаа 500 мянгаас нэг сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн 30 хүнд тус улсад оршин суух виз олгосон байна. 

Өнгөрсөн зургадугаар сард Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэж эхэлсэн уг жагсаал өдгөө өөр шаардлагуудаар үргэлжилж байгаа юм. 

Хонг Конг нь Азийн эдийн засгийн томоохон төв бөгөөд 2018 оны байдлаар 179 мянган саятан иргэдтэй байжээ. Мөн хамгийн өндөр орлоготой иргэдтэй орны жагсаалтад 15-рт жагссан байна. 

Эх сурвалж: BBC