Хурдтай тархаж буй коронавирусийн эрсдлийг багасгахын тулд Хонг Конгийн эмнэлгийн ажилтнууд Хятадтай хиллэдэг боомтуудыг бүрэн хаахыг шаардаж, ажил хаялаа. 

Хонг Конг хил дамнасан төмөр замын боомт болон агаарын тээврийн үйлчилгээгээ түр хаасан боловч эмнэлгийн ажилтнууд хилээ бүхэлд нь хаахыг шаардаж байна. 

Эрх баригчдын зүгээс хилээ бүрэн хаах нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн эсрэг чиглэнэ гэж мэдэгдсэн юм. Тус хотод коронавирусийн 15 тохиолдол бүртгэгджээ.

Гэвч эмнэлгийн удирдах ажилтнуудын холбооны дарга Уинни Юү, "Хилээ бүрэн хаахгүй бол манайд тархалттай тэмцэхэд шаардлагатай хүн хүч, хамгаалах хэрэгсэл, тусгаарлах өрөө байхгүй" хэмээн мэдэгджээ. 

Өнөөдөр зайлшгүй шаардлагатай бус эмнэлгийн ажилтнууд ажил хаясан бөгөөд шаардлагыг нь биелүүлэхгүй бол эмч, сувилагч нар Мягмар гарагаас ажил хаях гэнэ. 

Хонг Конг нь долоон сая хүн амтай ба Хятадын нэг хэсэг боловч өөртөө засах эрхтэй, хилийн үйл ажиллагаа нь олон улсын шалган нэвтрүүлэх цэгийн журмаар явдаг байна.   

Эх сурвалж: BBC

Г.Оюунбилэг