Хонг Конгийн эцэг эхчүүд жагсаалын үеэр цагдаа нарын ашиглаж байгаа нулимс асгаруулагч хий хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэлээ. Хонг Конгийн ээжүүдийн группын мэдээлснээр 1188 хүүхдэд нулимс асгаруулагчаас үүдэлтэй арьсны харшил, ханиалга зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. 

Иймд тус группынхэн нулимс асгаруулагчийн химийн найрлагыг олон нийтэд дэлгэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. Зургаан сар үргэлжилж буй Хонг Конгийн жагсаалын үеэр цагдаа нар 10 мянга орчим нулимс асгаруулагч ашигласан байна. 

Нулимс асгаруулагч ашигласан хэд хэдэн дүүрэгт шувуу үхсэн ба жагсаалыг сурвалжилж байсан сэтгүүлч арьсны өвчин туссан юм. Гэвч Хонг Конгийн засгийн газар нулимс асгаруулагчаас болж эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учраагүй гээд нулимс асгаруулагчийн химийн найрлагыг олонд дэлгэх нь цэргийн нууцад халтай гэжээ. 

ДЭМБ-ын мэдээлснээр нулимс асгаруулагчаас ялгардаг диоксин нь маш хортой ба нөхөн үржихүй, хөгжил, дархлалын системийг гэмтээж хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг юм. 

Эх сурвалж: The guardian