Хонг Конг, Макаогийн асуудал хариуцсан Хятадын газрын төлөөлөгч Ян Гуан Хонг Конгт өрнөж буй жагсаалыг Хонг Конгийн тогтвортой байдлыг алдагдуулсан аймшигт гэмт хэрэг гэлээ. 

Мөн Хонг Конг нь Хятадын нэг хэсэг учир Хятадын засгийн газар, аюулгүй байдалд нөлөөлөх ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Үүнээс гадна Хонг Конгийн удирдагч Кэрри Лам болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

Ийнхүү зургадугаар сараас хойш үргэлжилж байгаа Хонг Конгийн засгийн газрын эсрэг хөдөлгөөний талаар Хятадын тал анх удаа мэдэгдэл хийлээ. 

Харин Хонг Конгийн хүний эрхийн байгууллага Кэрри Ламыг огцруулах эрхтэй Хятадын төлөөлөгч ийнхүү түүнийг дэмжсэнээр уг хэвлэлийн хурал ямар ч үр дүнгүй болсон гэж дүгнэжээ. 

Хонг Конгийн засгийн газрын эсрэг жагсаал хамгийн сүүлд Ням гарагт дахин үргэлжилсэн бөгөөд зургаан км урт жагсагчдын цуваа хотын төвөөр жагссан юм. Энэ үеэр 16 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ба зөвшөөрөлгүй цуглаан хийсэн, аюултай зэвсэг ашигласан хэргээр 49 орчим хүн баривчлагджээ. 

Хятад руу ялтан шилжүүлэх хуулийн төслөөс болж эхэлсэн уг жагсаал өдгөө ардчиллын үнэ цэнийг өсгөх, цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг шалгах, удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардан жагсаж байгаа юм. 

Хонг Конг нь 1997 он хүртэл Их Британий колони байсан ба Хятадын мэдэлд очсоноос хойш нэг улс, хоёр систем засаглалаар хөгжиж иржээ. 

Эх сурвалж: CNN, BBC