Хятадын Коммунист намын 70 жилийн ойн үеэр Хонг Конгт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан нэг хүн цээжиндээ буудуулжээ. Хонг Конгийн цагдаа нар өмнө нь резинен сумтай буу хэрэглэж байсан ч энэ удаад жинхэнэ буу ашигласан байна. 

Хятадын нийслэл Бээжин хотод 15 мянган цэргийн баярын жагсаал болж байхад Хонг Конгийн иргэд хотын төв болон бусад зургаан дүүрэгт зам хаан жагссан юм. Энэ үеэр жагсагчид шатамхай бодис шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн бол цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч, резинен сумтай буу, усан их буу зэргийг ашиглажээ. Улмаар 66 хүн гэмтснээс хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа бол өөр хоёр хүн хүнд гэмтсэн байна. Мөн 180 хүн баривчлагдсан гэдгийг албаныхан мэдээллээ. 

Цагдаагийн газрын мэдээлснээр 18 настай эрэгтэй зүүн мөрний харалдаа буудуулсан бөгөөд одоогоор мэс засалд орж байгаа гэнэ. 

Хэргийн бичлэгээс харахад төмөр цохиур барьсан жагсагчийн өөдөөс цагдаагийн албан хаагч гар буугаар гал нээж байгаа нь харагдсан юм. Цагдаагийн газрын хэлснээр жагсагчид цагдаа нар руу дайрч байсан ба гал нээсэн цагдаагийн амь нас аюулд орсон байсан гэжээ. Уг цагдаа үүнээс гадна өөр зүгт таван удаа гал нээсэн ба цагдаа нар уг хэргийг шалгаж байгаа юм. 

Хонг Конгчууд жил бүрийн 10-р сарын нэгэнд Хятадыг эсэргүүцсэн жагсаал хийдэг ч энэ жилийнх илүү өргөн хүрээтэй болсон байна. Учир нь Хонг Конгийн иргэд зургадугаар сараас хойш тусгаар тогтнолын төлөө жагсаал хийж байгаа юм. 

Эх сурвалж: BBC, Washington post