Хонг Конгийн жагсаалын үеэр зарим цагдаа нар жагсагчдын дүрд хувилж баривчилгаа явуулсан гэж цагдаагийн газраас мэдээллээ. 

Цагдаагийн газрын хэлснээр энэхүү ажиллагаа нь чавх, бензинэн тэсрэх бөмбөг ашиглан хүчирхийлэл үйлдэж байгаа жагсагчдыг зогсоох зорилготой гэнэ. Мөн Даваа гарагийн жагсаалын үеэр цагдаа нарын суманд хүн шархадсан гэх мэдээлэл худал гэж цагдаагийн газар мэдээллээ. 

Хонг Конгийн засгийн газрын эсрэг жагсаал хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа ба Даваа гарагийн жагсаалаас болж Хонг Конгийн олон улсын нисэх буудлыг хааж 160 гаруй нислэгийг хойшлуулаад байна. 

Харин Ням гарагт болсон жагсаалын үеэр цагдаа нар резинен сумтай буу, нулимс асгаруулч, бороохойгоор жагсагчдыг тараасан юм. Үүний улмаас хэд хэдэн хүн гэмтсэн бөгөөд цагдаа нар дүрвэхийг оролдсон жагсагчдын эсрэг резинен сумтай буу ашигласан гэж тайлбарлажээ. 

Хятад руу ялтан шилжүүлэх хуулийн төслөөс болж өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн уг жагсаал өдгөө ардчиллын үнэ цэнийг өсгөх, цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг шалгах, удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардан үргэлжилж байгаа юм. 

Эх сурвалж: BBC, Global news