Хонг Конгт Даваа гарагийн өглөө Сай Ван Хо дүүрэгт болсон жагсаалын үеэр цагдаа гал нээж жагсагчийг шархдуулсан байна. Фэйсбүүкийн шууд бичлэгээс харахад цагдаа масктай жагсагчийг баривчлахыг оролдож байхад өөр нэг жагсагч түүнд ойртоход өөдөөс нь гал нээжээ. 

Уг жагсагч цээжин тус газраа шархдаж газар унасан ба удалгүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлгийн мэдээлснээр шархадсан жагсагч нь 21 настай эрэгтэй бөгөөд одоогоор биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. 

Үүнээс хэдэн секундийн дараа өөр нэг цагдаа хоёр удаа гал нээсэн ба энэ үеэр нэг жагсагч газар унажээ. Гэхдээ тэрээр буудуулаагүй харин зүрхний шигдээс болсон байх магадлалтай юм. 

Цагдаагийн газрын мэдээлснээр гал нээсэн цагдаа нарын гар бууг хураасан байна. Даваа гарагт болсон уг жагсаалын үеэр цагдаа нар галт тэрэгний буудал, дэлгүүрт байрлаж бэлэн байдалд ажилласан байна. 

Жагсаалаас болж галт тэрэг, метроны буудлын үйл ажиллагаа саатсан ба таван их сургууль хаалгаа барьсан юм. Мөн зарим газар замын түгжрэл нэмэгдсэн байна. 

Хонг Конгийн цагдаа нар өнгөрсөн сард болсон жагсаалын үеэр 18 настай эрэгтэйг буудаж гэмтээсэн юм. 

Эх сурвалж: Al jazeera, CNN