Хонг Конгийн цагдаагийн газар жагсагчдын гомдлын эсрэг “Тэд хүчирхийлэл үйлдэхгүй бол бид хүч хэрэглэхгүй” гэсэн хариу өглөө. Хонг Конгийн жагсагчдын хэлснээр цагдаа нар жагсаалын үеэр хүч хэрэглэж байгаа гэжээ. 

Хонг Конгийн цагдаагийн газрын 30 мянган цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ба өдөр ирэх тусам цагдаа нарын хүч суларч ядарч туйлдаж байгааг удирдлагуудын зүгээс хэлж байна. 

Жагсагчид Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэж зургадугаар сараас эхлэн жагссан ба өдгөө ардчиллын үнэ цэнийг өсгөх, цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг шалгах, удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардан үргэлжилж байгаа юм. 

Америкийн талын мэдээлснээр Хятадын цэргүүд Лхагва гарагт Хонг Конгийн хилийн ойролцоох Шэньжэн мужид ирсэн гэнэ. Их Британи дахь Хятадын элчин сайдын яам Хонг Конгийн асуудал хурцадвал Хятадын тал арга хэмжээ авах бүрэн боломж байгаа ч Хонг Конгийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж анхааруулжээ.

Хонг Конгийн хуулийн дагуу Хятадаас цэргийн тусламж хүсэх боломжтой ба Хонг Конгийн цагдаагийн газар Хятадын армитай хамтарсан сургуулилт хийж байгаагүй гэж мэдэгдсэн байна. 

Харин жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашигласан бөгөөд өнгөрсөн онд Францаас худалдаж авсан усан их буутай гурван танкийг ашиглаж магадгүй юм. Жагсагчдын хэлснээр өнгөрсөн зургадугаар сараас хойш 700 гаруй хүн баривчлагдсан байна. 

Эх сурвалж: CNN, Hong Kong free press