Сингапурын боловсролын яамнаас ирэх сараас эхлэн Хонг Конгийн их сургуулиудтай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөрөө түр зогсоохыг зургаан их сургуульд үүрэг болголоо. 

Ингэснээр солилцооны хөтөлбөрөөр Хонг Конгт сурч байгаа оюутнуудыг нутагт нь авчрах юм. Мөн Хонг Конг руу аялалаар явахгүй байхыг багш, оюутнууддаа зөвлөсөн байна. 

Үүнээс гадна Сингапурын аялал жуулчлалын газар онцын шаардлагагүй бол Хонг Конг руу аялахгүй байхыг иргэддээ зөвлөсөн байна. Өмнө нь Америк, Австрали зэрэг орнууд Хонг Конг руу зорчиж буй иргэддээ анхааруулга хүргүүлсэн юм. 

Хонг Конгийн иргэд өнгөрсөн зургадугаар сараас хойш Засгийн газраа эсэргүүцэн жагсаж байна. Мөн тэднийг дэмжиж Канад, Америк, Франц, Австрали, Англи зэрэг оронд жагсаал болжээ. 

Эх сурвалж: SCMP