Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн Хонг Конгийн олон мянган иргэд жагсаал хийлээ. Энэхүү жагсаал Мягмар гарагийн оройноос эхэлсэн бөгөөд жагсагчид томоохон замуудыг хааж өнөөдөр өглөө хүртэл тэмцлээ үргэлжлүүлсэн байна.

Тэд хуулийн консулын гадна жагсаал хийх байсан ч албаныхан тус газрын ойр орчмыг хааснаас болж гудамжинд жагсжээ. Энэ үеэр цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан ба кафе, номын дэлгүүр, шүдний эмнэлэг зэрэг жижиг бизнес эрхлэгчид ажил хаясан байна. Мөн Хонг Конгийн багш нарын холбоо, оюутны холбоо багш, оюутнуудаа жагсаалд оролцохыг уриалжээ.

Үүнээс гадна иргэний нисэхийн холбоог ажил хаялтад нэгдэхийг 1700 ажилтан нь онлайнаар шаардсан ба Худалдаачдын холбооны эвсэл ажил хаялт зарлахыг 190 мянган гишүүндээ уриалсан байна.

Энэ удаагийн жагсаал 1997 он буюу Их Британий колончлолоос гарч Хятадын эзэмшилд очсоноос хойших хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн юм.

Ялтан шилжүүлэх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр явагдах бөгөөд хуулийн консулын дарга Эндрю Лэн тус хуулийн төслийн хэлэлцэх хугацааг 61 цаг  хойшлуулах гэнэ. Ингэснээр хуулийн санал хураалт энэ сарын 20-нд болох юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард Хонг Конгийн иргэн Тайваньд аялаж байхдаа найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэг гарчээ. Гэвч хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх хууль байхгүй учир хэрэгтнийг Тайваний хуулиар шийтгэх боломжгүй юм.

Иймээс хууль хяналтынхан хүн амь, хүчин зэрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг Хятад, Тайвань, Макао руу шилжлүүлэх хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн консул ялтан шилжүүлэх хуулийг зөвхөн хүнд гэмт хэрэгтнүүдэд хамааралтай гэж мэдэгдсэн ба Хятадын тал Хонг Конгийн сөрөг хүчин иргэдийг төөрөлдүүлж байна гэжээ.

Эх сурвалж: BBC, The guardian