Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа энэ сарын долоонд Австралид болсон Алтан зам ангиллын марафонд урилгаар оролцож, хоёр цаг, 29 минут, 18 секунд гүйж, IV байрт шалгарчээ.

Тэрээр энэ тэмцээнд медаль хүртээгүй ч Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна Токио-2020 олимпод өрсөлдөх болзлоо дахин хангасан байна.

Б.Мөнхзаяа нь энэ оны хоёрдугаар сард Хонг Конгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, Токио-2020 олимпод оролцох эрхээ авсан юм. Тэрбээр анх 17 насандаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэн, амжилтын төлөө ес дэх жилээ зүтгэж буй бөгөөд 3, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд Монголын дээд амжилтыг эзэмшдэг байна. 

Мөн 2016 оны Риогийн олимпод анх хурд сорихдоо 72-р байрт орсон бол 2017 онд Тайванийн марафоноос медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болжээ.

Сануулахад, манай улсаас Токиогийн олимпод оролцох анхны эрхийг Ц.Анударь 10 метрийн хийн гар бууны төрлөөр, хоёр дахь эрхийг эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн төрөлд ОУХМ Э.Даваахүү нар авсан юм.