Хотын дарга С.Амарсайхан дагуул хотуудыг хөгжүүлэх, стратеги эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэн Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээн засварлах хүсэлтээ ЗТХЯ-ны сайдад гаргасан байна.

Үүний дагуу ЗТХЯ-аас тус замыг сэргээн засварлах, ашиглах нөхцөл, боломжийг судлах ажлын хэсэг байгуулагдаж, нөхцөл байдалтай танилцаж, 10.4 км орчим замыг сэргээх шаардлагатай гэж үзсэн байна.

Тус ажлын хэсэг дүгнэлтээ энэ сарын 29-нд ЗТХЯ-нд танилцуулах бөгөөд бүрэлдэхүүнд Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Газрын албаны дарга М.Давааням нар багтжээ.

Хонхор-Налайх хоорондын зам нь анх 1938 онд ашиглалтад орж байсан ба Налайхын их уурхай хаагдан, ачаа тээврийн хэмжээ багассан учир уурхайн хууль бус олборлолтоос үүдэн уг замыг 2008 онд хаасан байна.

Улмаар 2017 оноос дахин сэргээх асуудал яригдаж эхэлсэн бөгөөд Налайх дүүргээс ажлын хэсэг гарч  холбогдох мэргэжлийн байгууллагаар тооцоо, судалгаа хийлгүүлж байжээ.

Зураг: НЗДТГ