Манай улсын тав хүртэлх настай хүүхдийн 1.3 хувь буюу 8016 хүүхэд хоол тэжээлийн цочмог дуталтай байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 2466 хүүхэд хоол тэжээлийн хүнд хэлбэрийн дуталтай ба 5.549 хүүхэд дунд зэргийн дуталтай байна.

Хүнс тэжээлийн цочмог дутагдлын тархалт орон нутагт илүү их байгаа ба тав хүртэлх насны хүүхдийн 1.5 хувьд нь тохиолддог гэнэ. Энэ нь хүн амын ядуурлын түвшин хэвээр хадгалагдаж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзжээ.

Ялангуяа нярай, бага насны хүүхэд, өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн дунд хоол тэжээлийн дутагдал өргөн тохиолддог байна.  Тиймээс Хоол тэжээлийн цочмог дутлын эмнэл зүйн зааврыг Эрүүл мэндийн яам боловсрууллаа.

Уг зааварт хоол тэжээлийн дутлаас сэргийлэх арга зам, хүндрээгүй бол эрүүл мэндийн анхан шатны байгууллагад эрт үед нь оношлон эмчлэх, хүндэрсэн үед үзүүлэх тусламж үйлчилгээ зэргийг нарийвчлан, системтэйгээр зааварлаж өгсөн байна.