Баярын өдрүүдэд амархан мууддаг майонез, өндөг, сүү зэргээс иргэд хордлого авах тохиолдол ихэсдэг. Тиймээс гэртээ байгаа хоол хүнснээсээ хордлого авахгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарч хэвшүүлээрэй.

Хоол хүнсээ худалдаж авахдаа анхаар

Хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын, ариун цэврийн шаардлага хангасан газраас сонгох шаардлагатай бөгөөд үйлдвэрлэсэн он сар хугацааг заавал шалгаарай. Мөн шошго дээрх орц найрлага, хэр удаан хадгалж болохыг сайтар нягтлах нь зүйтэй.

Гэрийн хөргөгчид хадгалахдаа ч анхаар

Хоол, хүнсийг тасалгааны хэмд хэзээ ч бүү хадгал. Хүнсний бүтээгдэхүүнийг 40-өөс доош хэмд тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах, хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай байдаг. Тиймээс шошго дээрх хадгалалтын горимыг мөрдөөрэй. Харин чанаж болгосон хоол хүнсийг хөргөгчид тус тусад нь таглаатай саванд хийж хадгалаарай.

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх  зөв дадал эзэмших

Ямар ч хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож идэхийг мэргэжилтнүүд сануулдаг. Хоносон, муудсан хоол, хадгалалтын хугацаа дууссан хүнсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Шинэ хийсэн хоолыг хоёр цагаас илүү хадгалах нь таны хордлогод орох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Гурилын гамбанз, махны мод, сав зэргийг хэрэглэхийн өмнө ба дараа 60 хэмээс дээш халуун усаар угааж, цэвэрлэж хэвшээрэй. Салат, зууш зэргийг хэзээ ч бүү гараараа хутгаж холь. Хэдийгээр та гараа сайтар угаасан ч таны хумсны завсар нян бактери байсаар байдаг учир бээлий, хутгуур, халбага хэрэглэж заншаарай.

Хэрэв та өвчтэй, ханиадтай, гэдэс гүйлгэсэн, бөөлжсөн, өндөр халуурч байгаа бол хоол хүнс бэлтгэхээс татгалзаарай.