Баяр ёслолын үеэр иргэд хоолны хордлогод орох тохиолдол нэмэгдэж, өдөрт дунджаар 100 өвчтөн эмнэлэгт ирдэг гэдгийг эмч нар хэллээ. Учир нь өглөө зуурсан салат, бууз мах зэрэг нь бүхэл өдөржин гэрийн температурт байснаар өөрчлөлт ордог байна.

Тиймээс өндөг, майонез зэрэг амархан муудах бүтээгдэхүүн орсон салатыг зочин ирэх бүрт бага багаар зуурч өгөхийг зөвлөж байна. Мөн ууц, өвчүү зэргийг гэрт хонуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн болгосон бүтээгдэхүүнийг хоёр цагаас илүү хугацаанд хадгалах нь хордлогод орох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ.

Харин хиам, огурцыний зууш зэргийг хөргөгчид хадгалахаар бол заавал тагтай саванд хийх нь зүйтэй. Хэрэв ууц, өвчүүний мах, салат зэрэг нь эвгүй үнэр орсон байвал идэхгүй байж, хоол бэлтгэх гурилын гамбанз, махны мод зэргийг хэрэглэхийн өмнө ба дараа 60 хэмээс дээш халуун усаар угааж, цэвэрлээрэй.

Салат, зуушийг холихдоо гараараа хутгахгүй байх нь зөв юм. Хэдийгээр та гараа сайтар угаасан ч таны хумсны завсар нян бактери байсаар байдаг учир бээлий, хутгуур, халбага хэрэглэж заншаарай.

Үүнээс гадна баярын эдгээр өдрүүдэд томуугийн дэгдэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул ханиадтай хүнээр хоол бэлтгүүлэхээс татгалзаарай.

Сайхан шинэлээрэй.