Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шинэчилсэн стандартыг 10 сарын нэгнээс мөрдөхөөр боллоо. 

Стандартыг долдугаар сард шинэчлэн баталсан ба хоолны цэсэд хоолны шим тэжээлийн үзүүлэлт, илчлэг, давс, сахарын агууламжийг заавал тавьсан байх, хоолны газрууд аяга таваг, халбага сэрээ, савх ариутгагч төхөөрөмжтэй байх зэрэг заалтыг шинээр тусгасан байна. 

Мөн орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газрын тусгай зөвшөөрөл олгохгүй ба өмнө нь ажиллаж байсан газрын хугацааг сунгахгүй гэнэ. Гэхдээ орон сууцны нэгдүгээр давхар нь үйлчилгээ явуулах стандартын дагуу баригдсан бол уг заалт хамаарахгүй юм байна. Ингэснээр хоолны салбарын стандарт 2005 оноос хойш анх удаа буюу 14 жилийн дараа шинэчлэгдэж байгаа юм. 

Сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжиж байгаа ч хоолны хордлогот халдварт өвчлөл буурахгүй, хоёр хүн тутмын нэг нь таргалалттай байгаа юм. Энэ нь салбарын эрхзүйн орчин сул, салбарт ажиллагсад зөв дадал төлөвшөөгүй, боловсон хүчний чадавх муу, гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүнээр хоол хүнс бэлтгэж байгаатай холбоотой гэдгийг МХЕГ-аас тогтоосон байна. 

Улсын хэмжээнд 7800-аад хоолны газарт нийт 30 мянга гаруй ажилтан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд нийтийн хоолны салбарын орлого 397.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 98.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Мөн дотоод худалдааны салбарын борлуулалт нь 22 их наяд төгрөгт хүрсэн байна