ХЗДХЯ-аас Эрүүгийн тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлжээ.

Ийнхүү дээрх хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон юм. Уг багц хуулийн төслийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа заалтаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан байдаг. 

Харин үүнийг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон гэдгийг ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих эсвэл зорчих эрхийг хязгаарлах доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал тодорхойгүй байсныг зассан байна. 

Уг заалттай холбогдох зохицуулалтыг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмж тусгах зэргээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. 

Дашрамд дурдахад, Авлигалын эсрэг сүлжээнээс Монголын авлигалын орчинд хийсэн үнэлгээгээр авлигал, ашиг сонирхлын хэргийн шийдвэрлэлтийг дордуулж буй хүчин зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэт богино тусгаж өгсөн нь нөлөөлж байгааг дурдсан юм.