Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр Даваа гарагт  тохионо. Энэ жил озоны давхаргаа хамгаалж, Дэлхийгээ сэрүүн байлгах үйл хэргээ үргэлжлүүлье хэмээх уриалга дэвшүүлжээ.

Энэхүү өдрийг угтан БОАЖЯ-аас хурал хийж, озоны давхарга, уур амьсгалыг хамгаалахыг олон нийтэд уриаллаа. Озоны давхарга, уур амьсгалыг хамгаалах нь зөвхөн дан ганц Засгийн газрын үүрэг хариуцлага биш юм.

Үүнд иргэдийн хувь нэмэр ч ихээхэн чухал. Тухайлбал хүн бүр ахуйн хэрэглээний хөргөгч, агааржуулагч зэрэг тоног төхөөрөмжөөр зохистой хэрэглээгээ хангаж, төхөөрөмжийн засвар үйлчилгээг зөв хийлгэж, зөв хаяж устгавал хэрэглэх эрчим хүч болон гарах ялгарлыг нь багасгадаг байна.

Тодруулбал, хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, үйлдвэрийн болон ахуйн зориулалттай агааржуулагч, хөргөх лангуу зэрэг тоног төхөөрөмж нь озон задалдаг бодис, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй хлортфтортнүүрстөрөгч хий агуулсан байдаг байна.

Энэхүү хий нь агаарт алдагдсанаас шалтгаалж озоны молекулыг задлан, озоны давхарга дахь озоны хэмжээг багасгаж байгааг 1970-аад оны үед эрдэмтэд тогтоожээ.

Иймд манай улс 2010 оноос озон задалдаг бодис агуулсан хуучин хөргөгч, хөргүүртэй тээврийн хэрэгсэл, хөргөлтийн бусад тоног төхөөрөмжийг импортлохоос эрс татгалзаж, озон задлах бодисыг орлуулах бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмжийг худалдаалах, хөнгөлөлт эдлүүлж байхаар шийдвэрлэжээ.

Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталсан юм.

Шинэ журмаар озон задлагч бодис орлуулагчтай хөргөх бодис агуулсан агааржуулах төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Дашрамд дурдахад манай улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон байдаг.