Засгийн газрын хуралдаанаар Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ нь хөрсний нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, бохирдол доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 

Мөн хөтөлбөрт урт хугацааны тогтвортой менежментийг бий болгон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд таван зорилт, 55 үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр эрүүл хөрсийг хамгаалж, хөрсний бохирдол 30 хувь буурах, хот суурин газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийн 20 гаруй хувийг устгаж, хөрсийг цэвэрлэн бохирдлоос шалтгаантай өвчлөлийг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.

Сануулахад, судалгаагаар нийслэлийн хөрсний 88 хувь их хэмжээний нянгийн бохирдолтой нь тогтоогдсон юм. Үүнд гэр хорооллын нүхэн жорлон, хог хаягдал хамгийн ихээр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлжээ.