Завхан аймгийн Дөрвөлжин суманд энэ сарын 13-14-нд шилжих шөнө усархаг бороо орсны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус буужээ.

Үүний улмаас үерийн ус 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж, урссан тул аймгийн МХГ-ын улсын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийгдэж байна.

Гэвч тус компанийн нуруулдан уусгах 2, 14, 15-р үүрийн овоолгод хагарал үүсэж нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүсчээ. Одоогоор компанийн олборлолтын үйл ажиллагааг түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байгаа гэнэ.

Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байгаа ба цианидын агуулахыг лацаджээ.

МХЕГ-аас нэгдүгээр сард уул уурхайн эрхэлдэг ААН-дэд болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хур тунадас ихтэй газрын уулын овоолгуудад суулт гулсалт гарахаас сэргийлэх, үер, усны хаалт, хамгаалалт, суваг далан байгуулах зэрэг арга хэмжээг авахыг тодорхой заажээ.

Харин тус компани ТЭЗҮ-д тусгагдсан үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан байгуулаагүйгээс тухайн нөхцөл үүссэн гэж албаныхан үзжээ. Мөн аймгийн МХГ-аас тус компанид гуравдугаар сард шалгалт хийж, тодорхой зөрчлүүд илрүүлэн албан шаардлага хүргүүлсэн ч компанийн зүгээс албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй байна.

Үерийн усаар дамжин хөрсөнд шингэсэн байж болзошгүй цианид гэх бодис нь усанд хурдан уусдаг, хүн хордсон тохиолдолд үхэлд хүргэдэг байна. Хэрэв хүчилтэй урвалд орвол, хортой хий болох циант устөрөгчийг ялгаруулдаг ба хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй нь гэнэ.