УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Ингэснээр 2020 оны улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа ба эхний ээлжид 21 аймаг, дүүргийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийг суурилуулах журмыг батлах юм.

Ийнхүү 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушги, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой бүрдэнэ. Гэхдээ хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заах гэнэ. Тодруулбал,

  • 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгиний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулна.

Манай улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба дийлэнх нь хожуу шатандаа оношлуулсан байна. Хэрэв хавдрыг нэг, хоёрдугаар шатанд оношлуулбал эдгэх боломжтой юм.