Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас Цагааннуур боомтоор нэвтрүүлэхийг завдсан Оросын импортын жимс, хүнсний ногоог лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Ингэхэд байцайнаас хортон шавж, сонгиноос нитрат зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарчээ.

Ийнхүү давтан шинжилгээ хийлгэхэд 500 кг байцайнаас цацагт далавчтан гэх хортон шавж, 105 кг сонгины нитратын хэмжээ өндөр гарсан байна. Иймд эдгээр бүтээгдэхүүнийг холбогдох хүмүүсийг байлцуулан устгалд оруулжээ. 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн боомтуудад хяналт шалгалт хийж байгаа ч хулгайгаар хүнсний бүтээгдэхүүн, эм тариа хил нэвтрүүлэх тохиолдол гардаг байна. Иймд гарал үүслийн бичигтэй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдөөгүй, хаяг шошго, сав баглаа боодол бүрэн, хадгалах хугацаа хэтрээгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг иргэдэд зөвлөлөө. 

Мөн Монгол улсын стандартад нийцсэн, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн импортлохыг ААН байгууллагуудад анхааруулсан байна.