Азийн хөгжлийн банкнаас Тэнүүн гэрэл констракшн компани болон Сермсанг Пауэр Корпорейшнтай 15 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих 18.7 сая долларын зээлийн гэрээ байгуулсан юм.

Энэ төслийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй Хөшигийн хөндийн нисэх буудлын хажууд нарны цахилгаан станц байгуулж байгаа ба уг станцын барилга угсралтын ажил хийгдэж дууссан байна.

Энэхүү станц нь Монголын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх бөгөөд жилд 22.3 сая киловатт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26.400 тонноор бууруулна гэж тооцжээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь эрчим хүчинд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох бөгөөд Засгийн газраас сэргээдэх эрчим хүчийг 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм.

Дашрамд дурдахад, манай улсын эрчим хүчний салбарт нүүрсний цахилгаан станц давамгайлж байгаа бөгөөд эдгээр нь нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын 60 гаруй хувийг эзэлж байгаа юм.

Харин сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө одоогийн дотоодын хэрэглээгээ 2600 дахин хангаж чадахуйц бололцоотой гэх судалгаа байдаг байна.