Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт компанийн төлөөлөлтэй уулзлаа. 

Уулзалтаар нисэх буудлыг гэрээт хугацаанд ашиглалтад оруулах, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцсан байна. Ийнхүү нисэх буудлыг долдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахтай холбоотойгоор Засгийн газраас нэршлийг Чингис хаан олон улсын нисэх буудал болгосон юм. Харин Чингис хаан нисэх буудлыг Буянт Ухаа нэртэй байхаар шийдвэрлэсэн ба нэршлийн өөрчлөлтийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад мэдээлнэ.

Одоогийн байдлаар Японы Токио, Осака, Фүкүока чиглэлд МИАТ болон Аэромонголиа хуваарьт нислэг үйлдэж байна.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг Японы 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм. Төслийн барилга угсралтын ажлын гэрээний нийт дүн 49.5 тэрбум иен, нэмэлт ажлын өртөг 5.9 тэрбум иен байна. 

Манай улсын зүгээс шинэ нисэх буудлыг 51:49 хувиар Японтой менежментийн гэрээ байгуулах шийдвэр гаргасан юм. Тодруулбал, шинэ нисэх буудлын ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэх юм.

Эхний 15 жилд шинэ нисэх буудлын ашгаас концессын төлбөрөө төлж, үлдсэн цэвэр ашгаас хоёр тал хүртэх бөгөөд 15 жилийн дараа шинэ нисэх онгоцны буудал 100 хувь Монголын талд шилжинэ.

                                                                                                                 Г.Бадамханд