ХӨСҮТ-н 100 гаруй эмч, сувилагч, асрагч нар өнөөдөр ажил хаялт зарласан байна. Учир нь, тэдний цалинг захирлын тушаалын дагуу 100-200 мянган төгрөгөөр бууруулсан гэнэ.

Тодруулбал, Засгийн газраас тогтоосон цалингийн доод хэмжээ, ХӨСҮТ-н цалингийн хэмжээ зөрүүтэй байснаас дээрх асуудал үүссэн байна.

Тиймээс асуудлыг шийдвэрлэхийн тулд МҮЭХ, ХӨСҮТ-н удирдлага болон ажилтнууд хамтарсан шуурхай хурал зарлажээ. Хурлаар 26 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

ХӨСҮТ-н ажилтны хэлснээр “Би 600 мянган төгрөгийн цалинтай. Гэтэл өчигдөр цалин буухад 200 мянган төгрөг хасагдсан байсан” гэлээ.

Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, ХУД-н эмнэлэгт мөн адил асуудал үүссэн бөгөөд шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа гэнэ.

Сануулбал, Засгийн газар наймдугаар сард төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан юм. Тухайлбал, төрийн албан хаагчийн цалинг найман хувиар, багш, эмч сувилагчийн цалинг ажлын нөхцөл, албан тушаалын зэрэгтэй нь холбогдуулан 12-30 хувиар нэмэхээр болжээ.