Энэ сарын 29-нд нийслэлийн 379 жилийн ой тохиох бөгөөд ойг угтан Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг боловсруулж эхлэх юм.

Харин НЗДТГ-аас хотыг 2040 хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгах үүднээс 40 хүртэл сая төгрөгийн шагналтай концессын уралдаан зарлалаа.

Энэ нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд ямар хотод амьдрах хүсэлтэй, хаана ямар шийдлүүд хэрэгтэй байгаа зэрэг саналыг тусгах зорилготой байна.

Нийслэлийн анхны төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэйгээр 1954 онд ЗХУ-ын эрдэмтэд хийж байжээ. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нийт таван удаа буюу 2000-2020 он хүртэлх төлөвлөгөөг баталж үүний дагуу хөгжиж ирсэн байна.

Гэвч өнөөгийн байдлаар агаарын бохирдол, түгжрэл дэд бүтэц зэрэг олон асуудал нийслэлд тулгамдаж буй юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс өнгөрсөн хугацаанд дараах ажлуудыг хийжээ.

Нийслэл рүү ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2016-2020 он хүртэл зогсоож, суурьшлын бүсийг улаан шугамаар тогтоосон юм. Тодруулбал, Улаанбаатар 47 мянган га газрыг хамран оршдогоос 32.500 га-д улаан шугамаар суурьшлын бүс тогтоожээ.

Мөн 2030 оны төлөвлөлтөд нийслэлийг Бага тойруу, Яармаг гэсэн хоёр төвтэй болгох, Дамбадаржаа, Амгалан, Баянхошуу, Сонсголон зэрэг найман дэд төв байгуулах, Майдар хот, Налайх, Багануур зэрэг дагуул хот байгуулахаар тусгажээ.

Энэ хүрээнд ирэх онд Нийслэлийн төр захиргааны байгууллагууд Яармаг руу нүүж, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа юм.

Түүнчлэн суурьшлын бүсийн ихэнхийг эзэлж буй гэр хорооллыг хаус хороолол болгох, дэд бүтцийг шийдэх зэрэгт үндэслэн нийслэлийг 2040 хүртэл хөгжүүлэх төлөвлөлтийн концессийг боловсруулах бөгөөд иргэдийн саналыг ирэх он хүртэл авч төлөвлөгөөнд тусгах гэнэ.