Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

Нийслэлд хүн амын 50 хувь нь амьдарч байгаатай холбоотойгоор агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, хотын А бүсэд Тэнгэрийн тойрог замыг барихаар шийдвэрлэсэн байна. 

Тус замыг 6-12 метрийн өндөрт 13 километр урттай барих ба хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, орох, гарах 27 цэгтэй байх юм. 

Замыг барьснаар түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэх тооцоо гарчээ. Тэнгэрийн тойрог төсөл нь 800 сая долларын өртөгтэй бөгөөд Засгийн газар болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүй 25 жилийн хугацаатай концессоор хийнэ. 

Тус замаар зорчих тээврийн хэрэгслээс километр тутамд 15 центын хураамж авч, зургаан жилийн хугацаанд зээлээ төлөх гэнэ. 

Дээрх зам нь Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Хан-Уул-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм гэсэн маршрутаар явна.