Энэ оныг иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан.Үүнтэй холбогдуулан нийслэлээс ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг өнгөрсөн гуравдугаар сард есөн дүүргийн хэмжээнд зарласан байна.

Аяны хүрээнд Хотын дарга албаны хүмүүсийн хамт БЗД-ийн жишиг гудамжтай танилцлаа. Дүүргийн жишиг гудамж болох 27-р хорооны 35-р гудамжинд амьдардаг айл өрх аян эхэлснээс хойш 27 ширхэг мод тарьж, хашааныхаа өнгө үзэмжийг засаж, шороон замаа хуссан байна.

Түүнчлэн гудамжиндаа сандал, хогийн савыг байршуулж ая тухтай амьдрах нөхцлөө өөрсдөө бүрдүүлжээ.

Ирэх 10 сарын нэгэнд аян өндөрлөж, 10-ны дотор зохион байгуулагчид дүнгээ гаргаж дараах төрлөөр шилдгүүдээ шалгаруулна. Үүнд:

  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг хороо /Орон сууцны болон гэр хороо/
  • Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж
  • Шилдэг өрх
  • Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага

Аяныг нийт 234 сая 999 мянган төгрөгөөр зохион байгуулж байгаа ба дээрх төрлүүдэд шалгарсан шилдгүүдийг тус тусад нь мөнгөн шагналаар урамшуулах юм. Тухайлбал: шилдэг дүүргийг найман сая төгрөг, шилдэг байгууллага, ААН-ийг таван сая төгрөг, шилдэг тохижилттой хороог таван сая төгрөгөөр шагнах юм.