Хотын дарга С.Амарсайхан Вьетнамаас Монголд суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнтэй уулзлаа. Энэ үеэр Ханой-Улаанбаатар хооронд шууд нислэг үйлдэх боломжийг судлах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа Хотын дарга илэрхийлсэн байна.  Элчин сайд Доан Тхи Хыөн хариуд нь бүхий л салбарт хамтарч ажиллахад бэлэн гэжээ. 

Мөн хоёр хотыг холбосон агаарын замыг нээхэд ач холбогдол өгч ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Энэ онд Монгол, Вьетнам улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа ба ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хотын дарга С.Амарсайхан ирэх сард Ханой хотод айлчлах юм.

Сонирхуулбал, 2016 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 43 сая доллар байсан ба 40.1 сая долларын цагаан будаа, угаалгын бодис, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, чихэр, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл эм, химийн бүтээгдэхүүн, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат импортоор авчээ. 

Мөн Засгийн газраас 1956-1990 онд Вьетнамын ард түмэнд нийт 200 сая гаруй төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлснээс гадна олон нийтийн байгууллагын шугамаар 904.8 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна. 

Харин Вьетнамын Засгийн газар хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж 1993 онд 200 мянган доллар, ой хээрийн түймрийн хор хохирлыг арилгахад зориулж 15 мянган доллар, 2001 оны зудын гамшгийг давахад зориулж 2000 тонн цагаан будаа, 2010 онд 1000 тонн цагаан будаа, 300 мянган долларын түргэн тусламжийн автомашиныг манай улсад буцалтгүй тусламжаар олгожээ.