Хотын дарга С.Амарсайханыг огцруулах гарын үсгийг НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан өөрийн бланкан дээрээ цуглуулж эхэлсэн байна. Одоогоор хэчнээн гишүүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй ч 15 төлөөлөгч гарын үсэг зурснаар огцруулах асуудлыг хэлэлцэх юм. 

Тэрээр тендерүүд оройтож зарлагдсаны улмаас бүтээн байгуулалтууд хойшилж байна гэх үндэслэлээр хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал гаргажээ. Мөн С.Мөнхчулуун нарын зарим төлөөлөгчид огцруулах саналыг дэмжсэн гэдгээ илэрхийлээд байна. 

“Нийслэлийн ажил явахгүй байна. Гуравдугаар улирал дуусаж байхад дөнгөж 39 хувь нь гэрээ байгуулсан байна. НИТХ болон Хотын дарга Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх ёстой боловч тийм ажил ерөөсөө хийгдэхгүй байна” гэж НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хэллээ. Тиймээс 2020 оны сонгуулийг хүлээлгүйгээр НИТХ мөн тарах ёстой гэж зарим төлөөлөгч үзжээ. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлт, ард нийтийн санал асуулгатай холбоотойгоор хоёр хуваагдсан ба үүнээс үүдэн УИХ тарах, Хотын даргыг огцруулах яриа гарсан байна. 

НИТХ-ын ээлжит хуралдаан 10:00 цаг зарлагдсан боловч МАН-ын зарим гишүүд ирээгүй улмаас одоог хүртэл эхлээгүй байна. Гэвч өнөөдрийн хуралдаанаар хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

С.Амарсайхан хоёрдугаар сард Хотын даргаар сонгогдсон ба өмнөх дарга С.Батболд 12 сард Ерөнхий сайдын захирамжийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн байна. 

Тэрээр ажлаа хүлээлгэн өгөх үеэрээ, “Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелсэн” гэж мэдэгдсэн юм.