Энэ сарын 19-нд нийслэлийн Шуурхай удирдлагын төвд Ачлал их дэлгүүрийн арын замд могой байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу газар дээр нь очиход бамбай хоншоорт могой ил анзаарагдах гэмтэл бэртэлгүй байсан тул барьж байгальд нь эргүүлэн тавьжээ.

Бамбай хоншоорт могой нь хортой бөгөөд ойрын хугацаанд хур бороо их орж байгаагаас шалтгаалан үер усаар дамжин суурьшлын бүсэд амьтан орж ирэх тохиолдлууд гарч байгаа гэнэ.

Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могойн хор нь анагаах ухаанд хэрэглэгддэг бөгөөд нэг могойноос 0.0098-0.0927 грамм хор авах боломжтой байна. 

Түүний 0.00013 грамм хэмжээний хоронд хордсон харх 2-7 хоногийн дараа, жижиг шувууд 2-3 минутын дараа, гүрвэл тэр дороо үхнэ. Могойн хорын найрлага бүхий эмийг цус алдалтыг зогсоох, татаж унах өвчин, үе мөчний өвчин, цээжний үрэвсэл, хорт хавдар зэргийг эмчлэхэд хэрэглэдэг байна.