Женевт болсон дуудлага худалдааны үеэр 19 каратын Pink legacy алмазыг Америкийн үнэт эдлэлийн Харри Уинстон брэнд 50.3 сая доллараар худалдаж авлаа. Энэ нь уг алмазны нэг карат нь 2.6 сая доллараар үнэлэгдсэн бөгөөд ингэснээр дэлхийн хамгийн үнэтэй ягаан алмаз болж байгаа юм.

Алмаз 30-50 сая доллараар үнэлэгдэж байсан ба дуудлага худалдаа эхлэснээр ердөө таван минутын дараа зарагдсан байна.

Энэхүү алмазыг 100 орчим жилийн өмнө Өмнөд Африкаас олсон бөгөөд 1920 оноос хойш засварлагдаагүй байна. Энэ талаар Олон улсын дуудлага худалдааны Кристис компаний захирал Рахул Кадакиа “Алмазны нэг карат хүрэхгүй хэсэг нь хүртэл ягаан өнгөтэй учир дэлхийн хамгийн гайхалтай, тансаг өнгийн алмазны нэг юм” гэв.

Pink legacy-г өмнө нь Де Бир уул уурхайн компаний эзэд болох Оппенхеймерийн гэр бүл эзэмшдэг байсан бөгөөд шинэ эзэн нь алмазандаа Winston Pink Legacy гэдэг нэр өгчээ.

Энэхүү алмазнаас өмнө буюу өнгөрсөн оны 11 сард Хонг Конгт болсон дуудлага худалдааны үеэр 8.41 каратын ягаан алмаз 17.7 сая орчим доллараар зарагдсан нь дэлхийн хамгийн үнэтэй ягаан алмаз гэгдэж байсан юм.

Эх сурвалж: BBC, Fortune