Оросын засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг худалдах үед Монголын Зэс Корпораци 900.2 тэрбум төгрөг төлж 2016 онд худалдан авсан юм. Үүнийг улс хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн хүчингүй болгосноор Эрдэнэт үйлдвэр зуун хувь улсын мэдэлд шилжсэн байдаг.

Олон жилийн турш улсыг тэжээж ирсэн Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд авах тогтоолыг УИХ гаргаж, үүнийг Үндсэн хуулийн цэц хууль зөрчөөгүй гэж үзсэн юм. Гэсэн ч энэ шийдвэрийг хууль бус гээд Монголын зэс корпораци олон улсын Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдээд байна.

Харин дээрх их хэмжээний мөнгийг байгуулагдаад хоёр жил, нэрээ Монголын Зэс Корпораци болгоод гуравхан сар болсон компани хэрхэн, яаж олов?

Үүний ард Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг бий гэх олны таамаг, юм мэдэх хүний яриа бий ч, чухам хэрхэн яаж Д.Эрдэнэбилэг 1988 оны залуугаар дамжуулан Эрдэнэтийг амжилттай худалдан авсныг тайлах хүн цөөн.

Халхавчийн гэрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчээ

Оросын засгийн газарт Монголын Зэс Корпораци 900.2 тэрбум төгрөг төлж Эрдэнэтийн 49 хувийг 2016 онд худалдан авсан.

Энэ зээлийг Худалдаа хөгжлийн банк гаргахдаа Монгол улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн гэдгийг Үндсэн Хуулийн цэцийн дүгнэлтэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хавсаргажээ.

Барьцаагүй зээл: Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг өөрийн шууд удирдлагын хүмүүсийн нэр дээр байгуулсан Кью-Эс-Си, Рийверстон, Юнайтед энержи систем, Канетик зэрэг компаниудад барьцаагүйгээр тус бүрд нь 68-70 сая долларын зээл олгосон ба тэдгээр нь шууд Монголын Зэс Корпорацид дамжуулан зээлсэн байна.

Ингэж зээл олгохдоо Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “... нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй ... “ гэснийг зөрчөөгүй гэж харагдахын тулд Д.Эрдэнэбилэг өөрийн удирдлагын ажилтнуудын нэр дээр байгуулсан компаниудад зээл өгч, тэр нь Монголын Зэс Корпорацийн дансанд орсон гэж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдагджээ.

Ижил загварын гэрээтэй зээл: Дээрх дөрвөн компани ХХБанкнаас зээл авахдаа ижил загварын гэрээ буюу үг, үсгийн зөрөөгүй ижил гэрээнүүдийг ашиглан зээл авсан гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт харуулж байна.

Өөрийн хөрөнгөөс давсан зээл: Худалдаа хөгжлийн банкны өөрийн хөрөнгө нь 745 тэрбум, дүрмийн сан нь 50 тэрбум төгрөг, хувьцааных нь 93.1 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг гэж Цэц дүгнэлтдээ дурджээ. Гэтэл Эрдэнэтийн 49 хувийг авахад зориулж гол хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх хэмжээнээс давсан буюу нийт 900.2 тэрбум төгрөгийг ($400.27) зээлсэн байна.

Эдгээр нь Монгол улсын банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн заалтуудыг зөрчиж байна.

Монголын зэс корпораци Эрдэнэтийг өөрийн болгохын тулд дүрмийн сангаа 12 тэрбумаар гэнэт өсгөжээ

Монголын зэс корпораци 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дүрмийн сангаа 12 тэрбум төгрөгөөр нэмж, Улаанбаатар хотын банкны данснаас 5.02 сая долларыг Оросын тал руу шилжүүлснээр Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагаа эхэлсэн байдаг.

Үүний дараа Эрдэнэтийн 49 хувийг авсныхаа дараа дүрмийн сангаа 112 тэрбум болгон нэмэгдүүлсэн байгаа юм.

Дээрх мөнгө тэр дундаа 12 тэрбум төгрөгийг нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй компани хэрхэн бий болгосон нь сонирхолтой.

Банкны тухай хуулийн дагуу аливаа байгууллага дүрмийн сангаа 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн мөнгө хаанаас, ямар аргаар орж ирсэн эх үүсвэрийг Монгол банк шалгах үүрэгтэй.

Сануулбал, Улаанбаатар банкны 99.99 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг юм.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Орхон Монголын Зэсийг төлөөлөн Эрдэнэтийн ТУЗ-ын гишүүн болжээ

Энэ нь Монголын зэс Эрдэнэтийн 49 хувийг өөрийн болгоод, Худалдаа хөгжлийн банканд барьцаалан зээл авсны дараа юм. Өөрөөр хэлбэл, барьцааны хөрөнгийг төлөөлж, захиран зарцуулах шийдвэрлэх эрхийг Орхон эзэмшиж эхэлсэн гэсэн үг юм.

Энэ нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл.

 Орос, Монголын засгийн газар албан ёсоор хэлэлцээр хийгээгүй байхад Монголын зэс худалдан авах ажиллагааг эхлүүлжээ

Товчхондоо бол Монгол, Оросын засгийн газрууд нь Эрдэнэт үйлдвэрийн гэрээний "талууд." Харин манай улсын Төрийн өмчийн хороо, Оросын Ростех корпораци нь гэрээний талуудын хувьцаа эзэмшигчид юм.

Хэрэв уг гэрээнд өөрчлөлт оруулах буюу энэ тохиолдолд худалдаалах үед хуулийн дагуу “талууд” буюу хоёр улсын Засгийн газрууд нэгэндээ хандан, хүсэлт илгээнэ. Энэ процесс эхлээгүй буюу Оросын засгийн газар манай Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад зөвхөн Ростех корпорацийн захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол улсын засгийн газар 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, Монголын Зэст худалдан авах эрхийг шилжүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд онцолжээ. Өөрөөр хэлбэл, Оросын засгийн газрыг төлөөлөх эрхгүй Ростехийн саналыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Ч.Сайханбилэгийн засгийн газарт сануулга ирж байжээ

Тухайн үеийн ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг сануулж байсан нь баримтаар нотлогджээ. Тодруулбал, Монгол улсын их хурлаар баталсан хэлэлцээрийг буюу Эрдэнэтийн гэрээг зөвхөн хуулиар өөрчлөх, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг УИХ-аар шийдвэрлэх, Оросын Ростех корпораци саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмжийг Ч.Сайханбилэгт ЗГХЭГ хүргүүлж байжээ.

Монгол улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-ны дэмжлэгээр Монголын Зэс Корпораци худалдан авсан гэж дүгнэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг тоймлон хүргэлээ.

Дээрх шийдвэрийн тухайд Худалдаа хөгжлийн банкнаас тодруулахад "мэдэхгүй" гэдэг хариултыг хуулийн хэлтэс нь өгсөн бол Монголын Зэс Корпорацитэй холбогдож чадаагүй юм.