Өнгөрсөн сарын 14-17-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Баян-Өлгий аймагт үер бууж 15.6 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм. Тэгвэл өнгөрсөн сарын эхээр Ховд аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас Жаргалант сумд үер бууж, ихэнх багийн айл, өрх үерт автсан байна.

Тухайн үед мэргэжлийн байгууллага газар дээр нь ажиллаж 600 гаруй айл, өрх үерт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол учирсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Үүний дагуу Монголын улаан загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд ажиллаж, Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын дөрвөн өрх, Чандмань сумын долоон өрхөд 45 сая төгрөгийн бэлэн мөнгө, гал тогооны ком, хөнжил, гудас зэрэг 70 сая төгрөгийн эрүүл ахуйн бараа материалын тусламж үзүүлжээ.

Ингэснээр тус нийгэмлэгээс Ховд аймгийн Жаргалант сумын үерт өртсөн иргэдэд 115 сая төгрөгийн тусламжийг олгожээ.